ХОВД: "Нэг хашаа-10 мод" уриалга, санаачилгыг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Байгаль орчны салбар байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Үүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, АДАПТ төслийн багийнхан оролцлоо. Энэ удаагийн үйл ажиллагаа нь “Эртэч төлөөлөгч-Эко аймаг” сэдэвт чөлөөт уулзалт хэлбэрээр өрнөсөн ба олон асуудлаар санал солилцсон юм.
Үүний үр дүнд Буянт голыг хамгаалах бодлого гаргах, судалгаа хийх, мөн усны тооллого хийх, төлбөрийг нэмэх, зориулалтын дагуу зарцуулах, малын тоо толгойн татварыг нэмэгдүүлэх, хот доторх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон наст ургамал тарих, арчлах, ургуулах, байгаль орчны чиглэлээр хяналт хийх, нэг хашаа 10 мод уриалга, санаачилга эхлүүлэх, урамшуулах зэрэг санал хэлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай Ховд аймгийн ИТХ-ын цахим хуудсаар танилцуулав.
