ХОВД: Номын сангаар жилд 64 мянга гаруй хүн үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаагаа эхлээд 88 жил болж байна.
Тус
номын санг анх 1938 онд “Уншлагын газар” нэртэйгээр нэг ажилтан, 500 орчим боть
номтой байгуулсан түүхтэй.
Номын сангийн үйлчилгээ жил бүр өргөжиж, уншигчдад илүү нээлттэй болж байна. Тус номын сан өдгөө 16 ажилтантай. Нэг ээлжиндээ 250 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. 76 мянга гаруй номтой. Жилд дунджаар 64 мянга гаруй хүн үйлчлүүлж байна. Эдгээр уншигчийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм.
Тус
байгууллага жил бүр шилдэг, тэргүүний уншигчдаа шалгаруулдаг. Гэр
бүлийн уншлагыг дэмжих, уншигчдад ээлтэй орчин бүрдүүлэх, цахим үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг
үе шаттай өрнүүлж байна.
Мөн
нүүдлийн болон явуулын номын санг алслагдсан сум, баг, зуслангийн бүсэд
ажиллуулж, иргэд, хүүхэд, өсвөр үе, залуусыг соён гэгээрүүлж буй.
Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон зуны улиралд гэр номын сан,
гудамжны номын сан ажиллуулж байгаа
нь бусад аймгаас
анхдагч юм. Мөн
энэ онд контейнер ашиглан номын сан байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй.
Тус номын санг 2018 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит болгожээ. Мөн уншлагын танхимыг яруу найрагч, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгосон юм.