ХОВД: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-12 11:18:43

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувь нь одоогоор цастай байна. Өчигдөр Алтай, Үенч суманд цас орж, 10 гаруй сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурчээ.


Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Ховд аймгийн ихэнх гол, нуурын мөс хэврэгшин нимгэрч, хүн, мал, авто машин явахад цөмрөх эрсдэлтэй байна.


Энэ сарын 11-ний өдрийн байдлаар Ховд аймгийн нутаг дахь Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Буянт, Төгрөг гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 39-95 см байна. Энэ нь олон жилийн дунджаас 8-34 см нимгэн байна. 


Иймээс иргэд, малчид, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.     

 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр хүрэх бол агаарын температур -3-8 градус хүйтэн байна.  

Ташрамд, мөс бэхжих хугацаа нь агаарын температур, салхи, усны гүн, урсгал зэрэг олон зүйлээс хамаардаг.

Ховд аймгийн гол, нуурын мөс 12 дугаар сарын эхээс бэхжиж, мөсний зузаан хоёрдугаар сарын эхээр авто машин зорчих аюулгүй хэмжээнд хүрдэг. 

Related news