ХОВД: Музейн үйл ажиллагаа 76 жилийн өмнө эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Эртний
түүх, соёлын арвин сан хөмрөгтэй Ховд аймгийн музей одоогоос 76 жилийн
өмнө үйл ажиллагаагаа эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, тус музейг 1950 оны аравдугаар сарын 18-нд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр хоёр орон тоо, 300 гаруй үзмэртэй байгуулсан түүхтэй. Улмаар 1967 онд аймгийн орон нутаг судлах музей, 1991 онд аймгийн музей, 2024 онд Галданбошигт хааны нэрэмжит музей болон өргөжиж, баруун Монголын ард түмний түүх, соёл, зан заншлыг харуулсан эд өлгийн зүйлсийг иргэдэд сурталчилж байна.
Тус
музейд өдгөө 3100 гаруй үзмэр бий. Эртний түүх, монгол ахуй, угсаатан, алдартан,
шашин гэх мэт есөн танхимаар болон төрөлжсөн үзэсгэлэн гаргаж, жилд 7000-9000
орчим үзэгчид сонирхуулдаг.
Угсаатан
зүй болон гэрэл зураг, шашны үзмэрүүд дийлэнх хувийг эзэлж байна. 13 угсаатны өмсөж
хэрэглэж байсан дахин давтагдашгүй натур дээл, нэрт зураач Л.Гаваагийн дүрслэх
урлагийн бүтээлүүд нь тус музейн онцлох үзмэрүүд юм. Мөн
музейн харьяа Өв соёлын хүрээлэнд олон
угсаатны бүлгийн ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан гэр музейг иргэдэд
сонирхуулж буй.
Энэ
сарын 1-7-нд өрнөсөн "Музейн нээлттэй өдрүүд" үйл ажиллагааны хүрээнд
тус музей 966 үзэгч хүлээн авч, үйлчилжээ. Энэ үеэр иргэд, хүүхэд, залуус музейн ховор үзмэртэй танилцахын
зэрэгцээ "Монгол орны газрын зураг эвлүүлэх", "Шагайн
наадгай", "Хорол", "Монгол гэр" зэрэг боловсролын
хөтөлбөрт оролцож, мэдлэгээ өргөжүүлсэн байна.