ХОВД: Эрүүл мэндийн салбарын хөгжилд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-09 12:28:39

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 92 мянга гаруй хүн амтай. Үүний 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй юм.

 

Тав хүртэлх насны 12400 хүүхэд байгаа нь хүн амын 13.7 хувийг эзэлж байна. Мөн 2715 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 749 жирэмсэн эх бүртгэгджээ. 

 

Ховд аймагт нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтэл болон амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин багтаж буй.


Эдгээр нь амьдралын хэв маяг, архаг өвчний эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалттай шууд холбоотой. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.

 

Ховд аймагт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, хүний нөөц, урьдчилан сэргийлэх үйлчилгээг шат дараатай сайжруулах бодлого хэрэгжиж байна. Энэ хүрээнд иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх олон ажил хийж буйг тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдах ажилтнууд онцоллоо.

 

Түүнчлэн ангиографийн аппарат суурилуулж ашиглалтад оруулсан бөгөөд удахгүй MRI ашиглалтад оруулж орон нутгийн иргэдэд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж байгаагаа мэдээлэв.

 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ сарын 7-нд Ховд аймагт ажиллах үеэрээ нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж, урсгал зардлыг шийдвэрлэдэг сайн жишиг тогтсонд талархал илэрхийллээ. Орон нутгаас эрүүл мэндийн байгууллагуудаа дэмжих зорилгоор жил бүр 100–200 сая төгрөгийг цахилгаан, дулаан зэрэг урсгал зардалд зориулан төсөвлөдөг байна.

Мөн Ховд аймаг орон нутгийн төсвийнхөө 10 хувийг хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хүний нөөцийн дэмжлэгийг нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлж, энэ туршлагыг бусад орон нутгийн удирдлагуудад сайн жишээ болгон түгээн ажиллахаа мэдэгдэв.

Мөн Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх хоёр жилд 8 сая долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хийж, Бүсийн оношилгоо эмчилгээний өргөтгөлийг барьж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа хэлж уулзалтыг өндөрлүүлсэн тухай Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар мэдээллээ.  

 

Энэ оны хоёрдугаар улиралд Бүсийн оношилгоо эмчилгээний төв \нэгдсэн эмнэлэг\-ийн өргөтгөлийн барилгын ажлыг эхэлнэ.


 

Related news