ХОВД: Хойд цөөгийн амны хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-06 17:32:20

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршдог хүн чулуун хөшөөнүүдийн нэг нь Хойд Цөөгийн амны хүн чулуун хөшөө юм.


Тус хөшөө нь Булган сумын Баян судал багийн нутагт, Хойд цөөгийн ам гэх газрын зүүн энгэрт, Булган голын зүүн эрэгт, далайн түвшнээс дээш 2306 метрийн өндөрт байрладаг.


Хөшөөг 3х4.1 метр дөрвөлжин хашлагатай тахилын байгууламжийн урд талд босгожээ. Өндөр нь 110 см, өргөн 57 см, зузаан нь 32 см юм. Тахилын байгууламжийг ухаж сүйтгэсэн байна. Хүний нүүр, нүд, хамрыг сийлж, баруун гарыг нь тохойгоор нугалан гарт бөөрөнхий ёроолтой сав бариулжээ.


Тус хүн чулуун хөшөө он цагийн хувьд VI-VIII зууны үед холбогдоно. Дээрх хөшөөний талаар түүхийн ухааны докторант Х.Бямбасүрэн “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөд” хэмээх номдоо дурдсан байна.  

 

Сонирхуулахад, Ховд аймгийн Булган сум нь байгаль, цаг уурын эрс, тэрс уур амьсгалтай говийн цөл, цөлөрхөг хээрийн бүс, өндөр уулын бүс, ойт хээрийн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. 10 мянга гаруй хүн амтай.  Тус сум нь Улаанбаатар хотоос 1800 орчим км, Ховд аймгийн төвөөс 380 гаруй км зайд оршдог.     

Related news