ХОВД: Малчин Д.Батбилэг хоёр хонины дунд нэг ямаа байхаар тооцон бэлчээрээ хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-17 11:07:52

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн есөн малчин өрх энэ жил МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит, 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэн”-ээр тодорчээ. Үүнээс хоёр нь Цэцэг сумын малчид юм.

Сар шинийн босгон дээр “Алтан төлийн эзэн” болсон ажилсаг хичээнгүй малчид шагналаа гардан авлаа.

Тодруулбал, Цэцэг сумын Хажинга багийн малчин Цогоогийн Нямдорж, гэргий Лодонгийн Ариунаа нар үхэр сүргийг түлхүү өсгөн үржүүлж, төл малаа бүрэн бойжуулсан амжилтаар “Алтан тугал” шагналын эзэн болсон байна. 

 

Мөн Цэцэг сумын Баян гол багийн малчин Даваагийн Батбилэг, гэргий Ванчины Цэвэлмаа нар хонин сүргийг түлхүү өсгөн үржүүлж, төл малаа бүрэн бойжуулсан амжилтаар ийнхүү “Алтан хурга”-ны эзэн боллоо.

 

Онцлоход, малчин Д.Батбилэгийнх 1000 гаруй толгой малтай. Мал сүргийнх нь 70 орчим хувийг хонь эзэлдэг.


Хонь бол бэлчээрийн даацад сөрөг нөлөө багатай, хотондоо дулаан илчтэй. Иймээс малчин Д.Батбилэг бэлчээрийн даацыг тохируулж, ургамлын өсөлт, хөгжил, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд хоёр хонины дунд нэг ямаа байхаар тооцож, сүргийн бүтцийг тэнцвэржүүлэх, бэлчээрийг хамгаалахыг зорьж байна.

Эднийх 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд хамгийн холдоо 110-150 орчим км замыг туулж, Говь-Алтай аймгийн нутаг, Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэг, “Хүрэн дэлийн нуруу” хүртэл отор нүүдэл хийдэг.

 

Малчин Д.Батбилэгийнх өдгөө Цэцэг сумын төвөөс 40 гаруй км зайд Баян гол багийн нутаг, Зайсангийн жавж хэмээх газар өвөлжиж байна.
 

Энэ л нутагтаа Сутай хайрхан уул, Цэцэг болон Хулам нуураа түшиглэн таван үеэрээ мал маллаж иржээ.

 

Өдгөө түүний хүү Б.Шинэхүү ч мөн эцэг эхийнхээ мал маллах арга туршлагаас суралцаж, залуу малчдын залгамж халааг өргөжүүлж байна.

Эднийх нутгийн 3-4 өрхөд дэмжлэг үзүүлж малжуулсан бөгөөд ирэх хавар 300-400 орчим төл мал хүлээн авахаар бэлтгэж байна.




Related news