ХОВД: Бөхийн барилдааныг хоёр ангиллаар зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг улс, аймаг, сум, цэргийн цолтой болон залуу гэсэн хоёр ангиллаар зохион байгууллаа.
Сумын цолтой болон цолгүй 64 бөхийн барилдаанд Зэрэг сумын харьяат, сумын заан Эрдэнэ-Очирын Хүрэлсүх түрүүлж, Үенч сумын харьяат, сумын заан Батхүүгийн Энхбаяр үзүүрлэлээ.
Харин Мянгад сумын харьяат, сумын заан Ганбатын Ганцоож, Манхан сумын харьяат, сумын заан Болдоогийн Хүрэл-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа.
Тус барилдаанд оролцогчдын 34 нь залуу бөх байсан бол бусад нь сумын заан, харцага, начин цолтой байв.
Үүнээс гадна аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат, "Бүтээмж тауэр" ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Уламбаярын Батцоож түрүүлж, Мөст сумын харьяат, аймгийн заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэлээ.
Харин Манхан сумын харьяат, аймгийн арслан Шараагийн Мөнх-Од, Дуут сумын уугуул, аймгийн заан Батхишигийн Одгэрэл нар их шөвөгт шалгарав.
Бөхийн барилдааныг аймаг, сумын удирдах ажилтан, иргэд үзэж сонирхлоо.

