ХОВД: Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-17 00:56:26

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй. Мөн хоёрдугаар сарын 21-ний өдрөөс нийт нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. 


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 19-нд уулархаг нутгаар, энэ сарын 20, 22-нд зарим газраар бага зэргийн цас орно.


Салхи энэ сарын 19, 20-нд баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр тогтуун байх төлөвтэй.


Агаарын температурын хувьд энэ сарын 18, 19-нд Ховд нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч уулархаг нутгаар болон алтайн өвөр говиор шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, бусад нутгаар -12-17 градус, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө уулархаг нутгаар болон алтайн өвөр говиор шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.


Иргэд, тээвэрчид сар шинийн баярын өдрүүдэд хол, ойр зорчихдоо цаг агаарын богино хугацааны мэдээлэлтэй тогтмол танилцаж, аюулгүй байдлаа хангахыг, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр анхаарууллаа. 

Хөдөө, аймаг, сум, баг, Улаанбаатар зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоорой.

Related news