ХОВД: 40 гаруй байгууллага хариуцсан талбайнхаа мод, ногоон байгууламжид мөс тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төв буюу Жаргалант суманд мод, ногоон байгууламжид мөс тавьж, хөрсийг
хуурайшилтаас хамгаалах ажил өрнөж байна.
Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу хөрсний чийгийн хэмжээг нэмэгдүүлэх, хуурайшилтыг сааруулах, тоосжилтыг багасгах үүднээс байгууллагууд өөрийн эзэмшил болон ойр орчныхоо зам талбайн мод, нийтийн эзэмшлийн газрын цэцгийн мандал, ногоон байгууламжид мөс тавих ажил зохион байгуулж буй.
Уг
ажилд одоогийн байдлаар 40 гаруй байгууллага нэгдэж, мөсийг хариуцсан талбайдаа
буулгажээ.
Мод, ногоон байгууламжийн хөрсний чийгийг нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлүүлэх тул Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.
Мөн Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу байгууллагууд орчны цэвэрлэгээ хийж эхэлжээ.
Төрийн
болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өөрийн
эзэмшлийн болон ойр орчныхоо 50 метр хүртэлх газар, зам талбайн хог хаягдал,
цас, мөсийг цэвэрлэхийг Жаргалант сумын ЗДТГ-аас уриаллаа.
Хүйтний
улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл нэмэгддэг. Үүнээс
урьдчилан сэргийлэх, орчны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг цаашид эрчимжүүлэх юм.
