ХОВД: Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-09 13:17:14

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд одоогоор 3000 гаруй ховор үзмэр хадгалагдаж байгаа бөгөөд түүний нэг нь сийлбэртэй ган дөрөө юм.


Тус дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй. Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэжээ. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна.


Жин нь 3кг 300 гр бол өндөр нь 14.5 см юм. Харин суурийн өндөр 10 см, урт нь 11 см. Уг сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн Н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.


Ховд аймгийн музейн сан хөмрөгт уг үзмэрийг 1989 оны 12 дугаар сарын 29-нд Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комиссын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авчээ. 


Тус үзмэр он цагийн хувьд XIX зууны үед холбогдоно.  

Монголчууд мал маллахдаа унах, ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Монголчуудын түүхийг морьгүй, тэр дундаа  морины тоног хэрэгсэл болон дөрөөгүйгээр төсөөлөх аргагүй юм.


Related news