ХОВД: “Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баярыг 15 мянга орчим хүн зорин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Мөнгөлөг
шагшуурга-2026” мөсний баярыг энэ сарын 7, 8-нд Ховд аймгийн Хар-Ус нуур дээр
зохион байгууллаа.
Тус
аймагт халх, дөрвөд, торгууд, урианхай зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж
байна.
Эдгээр
угсаатны өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, байгаль дэлхийгээ
хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг дэмжих, спортын төрлүүдийг хөгжүүлэхэд
“Мөнгөлөг шагшуурга- 2026” мөсний баярын үйл ажиллагаа чиглэлээ.
Мөсний
баярын үeэр авто машин сонирхогчдод зориулсан дрифт үзүүлбэр, мөсөн сурын
харваа, шагайн харваа тэмцээн, үндэсний хувцастай жагсаал, тэшүүр, морин
чарганы уралдаан, үзэсгэлэн худалдаа зэрэг соёл, спорт хосолсон 10 гаруй төрлийн
сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Мөсний баярыг зохион байгуулахад Ховд аймгийн “Олон угсаатан” аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, 20 орчим хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж хамтран ажиллалаа.
“Олон угсаатан” аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн Д. Бирваа, “Тогооч, уяач, тэмээчдийн холбоо зэрэг аялал жуулчлалтай холбоотой бүх хувийн хэвшлийн байгууллага нэгдэж оролцсон. Цаашид "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярыг бие даасан, тогтвортой уламжлал болгон хөгжүүлэх зорилго тавьж байна. Энэ удаагийн баярт гадаад, дотоодын аялагч, жуулчин, уулчин, малчин, иргэд гээд 15 мянга орчим хүн оролцсон. Дрифт такси, морь, тэмээ унах, зураг авхуулах үйлчилгээ, монгол банхрын үзүүлбэр зэрэг шинэлэг үйлчилгээг үзэгчдэд санал болгож, стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэдгийг онцоллоо.
Хар-Ус нуур нь Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувууг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах, олон угсаатны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мөсний баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачилгаар эхэлж байсан түүхтэй. Үүнээс хойш "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярыг есөн удаа зохион байгуулсан юм.
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс “Мөнгөлөг шагшуурга-2026” мөсний баярын талбайд гурван цэгт хэмжилт хийхэд мөсний зузаан 55-66 см байжээ.