ДОРНОД: Чойбалсан хотын түүх, соёлын талаарх судалгааг нэгтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-07 12:47:22

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотын түүх, соёл, уламжлалыг судлан сурталчлах зорилготой “Чойбалсан хотын түүх, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.


Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архивын түүхч, судлаачид, МУИС, МУБИС, ХААИС-ийн багш, магистр, докторууд оролцож Чойбалсан хотын үүсэл хөгжил, нийгэм, эдийн засаг, соёлын онцлог, түүхэн өвийн хадгалалтын талаар судалгааны илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаа юм.


Эрдэм шинжилгээний хурлыг Хэрлэн сумын ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн музей, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Чойбалсан хотын түүх, соёлын талаарх судалгааг нэгтгэх, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой.


Анх 1821 онд Халхын сэцэн хан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулжээ. 1923 онд Ардын засгийн газрын шийдвэрээр Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос Баянтүмэн аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Чойбалсан хот хэмээн нэрлэсэн түүхтэй.

Related news