ХОВД: Хамгийн анхны Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-05 18:03:50

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл бол тууль юм

Ховд аймгийн хамгийн анхны Төрийн соёрхолт туульч бол Баатарын Авирмэд гэж ном, сурвалжид тэмдэглэжээ.  


Б.Авирмэд 1935 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг "Хөтөл ус" гэдэг газар төрсөн. 23 насандаа "Талын хар бодон" тууль сурч, улмаар "Наран хаан хүү", "Эзэн улаан бодон", "Алтайн магтаал", "Аргил цагаан өвгөн" туулиудыг хайлдаг байв.

Тэрбээр "Бүжин даваа хаан", "Нарангэрэл хаан", "Зэл алдар хаан" зэрэг олон туулийг өвөг эцэг алдарт туульч З.Жилхэр, эцэг Г.Баатар, эх Ж.Оролмоо нараасаа өвлөн, хойч үедээ уламжлуулан үлдээсэн бөгөөд үе залгамжилсан алдар цуутай туульч гэдгээрээ онцлогтой. 

Б.Авирмэд цээжний гүнээс урсан гарах уянгалаг айзамт уран үгсээрээ хэн хүний сэтгэлийг эзэмдэж өөрийн эрхгүй туулийн ертөнцөд татан оруулдаг увидастай ажээ. Авирмэдийн энэ хосгүй авьяасыг үнэлж 1984 онд Ардын туульч, 1991 онд Төрийн соёрхолт хэмээх хүндтэй цол хүртээсэн байна.  

Түүний тууль хайлах, үлгэр домог аялгуулан хэлэх байгалиас заяасан авьяасыг үргэлжлүүлж, мартагдах дөхсөн өв соёлыг сэргээж, хөгжүүлэхийн төлөө зорьж яваа ардын язгуур урлагийн биет бус өв тээгчид Ховд аймагт олон бий.    

Сонирхуулахад, жил бүрийн сар шинийн босгон дээр тууль хайлдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн ЗДТГ-аас XVII жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийг угтан Тууль хайлах ёслол зохион байгууллаа.    

Энэ нь иргэдийн эрүүл энх, амар амгалан, сайн сайхныг бэлгэдэн ерөөхөөс гадна соёлын биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Ёслолын үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Талын хар бодон” туулийг хайллаа.  

Тууль хайлахын өмнө Алтайн магтаал хэлж, байгаль дэлхийгээ аргадан баясгажээ

 

Related news