ХОВД: “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангийн санхүүжилт
бүхий “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн нээлт өнөөдөр болж, гурван
жилийн хугацаанд Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нээлтэд тус аймгийн Засаг дарга
М.Амарсанаа болон холбогдох байгууллага, төслийн зорилтот сургууль, хамтарсан багийн
төлөөллүүд оролцлоо.
Монгол дахь Хүүхдийг ивээх сангийн
суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан
Э.Оюунмаа нар төслийн зорилгын талаар оролцогчдод мэдээлэл танилцууллаа.
Төслийн зорилго нь боловсролын
орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтээс
урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй ажиллах мэдлэг, ур чадварыг багш,
сурагч, хамтарсан багийн гишүүдэд эзэмшүүлэхэд чиглэж буй.
Төслийг Улаанбаатар хотын
Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн
18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 