БАЯН-ӨЛГИЙ: А.Ерболат Мэрилендийн Улсын их сургуулийн хүндэт доктор цол хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. "Фэст" академийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ашикийн Ерболат Мэрилендийн Улсын их сургуулийн хүндэт доктор цол, хэргэм хүртжээ.
Малайзын нийслэл Куала Лумпур хотод зохион байгуулсан Дэлхийн
сургуулиудын дээд хэмжээний уулзалтын үеэр боловсролын
салбарт олон жил үр бүтээлтэй, санаачилгатай ажилласан 20-иод орны боловсролын
байгууллагуудын удирдлагуудад энэхүү нэр хүндтэй цолыг олгосон бөгөөд тэдний
нэгээр "Фэст" академийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ашикийн Ерболат
тодорсон байна.
А.Ерболат нь боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж, “Фэст” академийг үүсгэн байгуулсан бөгөөд академи нь Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж, ЕБС-ийн сурагчдыг ЭЕШ-д бэлдэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд тэрбээр сурагчдын сурлагын амжилтаас үл хамааран бүх сурагч оролцох боломжтой математикийн стандарт олимпиадыг зохион байгуулахыг уламжлал болгон тогтоосон. А.Ерболат нь Боловсрол судлалын магистрын зэрэгтэй бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан цолтой.
