БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг дарга татварын менежментийг сайжруулах чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-26 15:25:05

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Е.Зангар аймгийн Татварын газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр Засаг дарга татварын менежментийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн байна.


Уулзалтын эхэнд аймгийн Татварын газрын дарга Т.Фестиваль өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, татварын орлогын гүйцэтгэл, өсөлт, бууралтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын зорилт болон тулгамдаж буй асуудлуудыг мэдээллээ.


Аймгийн Засаг дарга Е.Зангар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Татварын байгууллагын үйл ажиллагаа нь улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд өндөр хариуцлага шаардсан ажил юм. Иймд татварын орлогыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд зөв ойлголт, мэдээлэл өгөх нь нэн чухал” хэмээн онцоллоо. 


Тэрбээр татварын газрын алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, зарим асуудалд тодорхой хариулт өгч, цаашид хамтран шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов. Ялангуяа зарим төрлийн татварын төлөлт, санхүүгийн зохицуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтнүүд, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар болон Татварын газрын хамтарсан ажлын баг байгуулж, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо. 


Түүнчлэн Засаг дарга татварын менежментийг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийг бодит зах зээлийн үнэлгээнд тулгуурлан оновчтой ногдуулах, авто тээврийн жолооч нарт зориулсан авто бааз байгуулж, бүртгэлжүүлэн татвар ногдуулж, төвлөрсөн орлогыг тухайн салбарт чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хувийн объект халааж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, зуухны судалгаа гаргах зэрэг чиглэл өглөө. 


Мөн Засаг дарга уул уурхайн компаниудыг орон нутагт бүртгүүлэх, томоохон компаниудын цалингийн орлогын албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, орон нутгийн төсвийн орлогын ойролцоогоор 70 хувийг цалингийн орлогын албан татвар бүрдүүлдэг тул татвар төлөлтийн шинэ, үр дүнтэй журам боловсруулахад зоригтой алхам хийх шаардлагатайг онцлов.



Related news