БАЯН-ӨЛГИЙ: Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах ажил зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газраас хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран Дэлүүн, Цэнгэл сумын нутаг дэвсгэрт зэрлэг амьтдын эрдэс тэжээлийн хэрэгцээг дэмжих ажлыг зохион байгууллаа.
Цэнгэл сумын “Баян цэнгэл” агнуурын бүс нутгийн “Хөх нуур” нөхөрлөл менежмент хариуцагч “Ханомаро тур” ХХК-тай хамтран дээрх ажлыг хэрэгжүүлсэн байна.
Энэхүү ажлын хүрээнд аргалийн тархан нутагладаг Мөст булаг, Хүрэн уул, Хөх нуур, Цагаан гол зэрэг газарт давс, хужир байршуулж, зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулахад хувь нэмэр оруулжээ.
Мөн аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Дэлүүн сумын “Хыдыр” нөхөрлөлийн гишүүдтэй хамтран тус сумын 7 дугаар багийн нутагт оршдог “Ахуунт” агнуурын бүсэд өвөлжиж буй ан амьтны байдалтай танилцаж, биотехникийн арга хэмжээ авчээ.
Ташрамд, 2025 онд Баян-Өлгий аймгийн агнуурын бүс нутгуудад өвөлжиж буй Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн ховор ан амьтад болох аргаль, янгир, халиун бугыг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг тогтвортой хадгалахаар зорилгоор ан амьтан ашигласны төлбөрийн орлогоос 144.8 сая төгрөг, менежмент хариуцагч компаниудын 20 сая төгрөгийг зарцуулж, нийт 164.8 сая төгрөгөөр өвс, давс тавих ажил хийсэн байна.


