БАЯН-ӨЛГИЙ: “Алтайн бүсийн тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-22 15:34:34

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль “Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжил: түүх, хэл, соёл, боловсрол, экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал /ОУЭШХ/-ыг санаачлан зохион байгууллаа.


Тус хуралд АНУ, ОХУ, Япон, Турк, Герман, Бельги, Унгар, Казахстан, Киргиз зэрэг 11 орны 88 эрдэмтэн, судлаач цахимаар болон биечлэн оролцож, илтгэлээ хэлэлцүүлсэн байна. 


Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын дэмжигч, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага оролцжээ. 


ОУЭШХ-д Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Алтангул, Казахстан улсаас түүхийн ухааны доктор Задаш Дүкенбаева, докторант Кенже Бейсембаева зэрэг эрдэмтэд оролцож, “Тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх нэгэн арга зүй”, “Алтайн бүс нутгийн түүх, соёлын судалгаа”, “Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил: асуудал, шийдэл”, “Хиймэл оюун ухааны технологийн үүрэг уран зохиол судлалд” зэрэг олон асуудлын хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүлжээ.


Хурлаас Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжлийг хангах, түүх, хэл, соёл, боловсрол, экологи, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, уламжлалыг хадгалж, хөгжлийг орчин үеийн хандлагатай зохистой нийцүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан аймгийн удирдлагуудад гардуулжээ.



Related news