В.Суранхүү: Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-08 17:18:13

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш, Баян-Өлгий аймгийн Шагайн холбооны тэргүүн Ванчингийн Суранхүүтэй боловсролын салбар, шагайн харвааны талаар ярилцлаа.


-Та боловсролын салбарт олон жил ажилласан хүн, ажлын туршлага, арга барилын талаар хуваалцана уу?

-Би 1974 онд МУИС-ийг монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд шууд нутагтаа ирсэн. Тэгээд Бугат суманд нэг жил, аймгийн төвийн 1 дүгээр сургуульд хоёр жил, 2 дугаар сургуульд 32 жил, Эмпати сургуульд 7 жил нийтдээ 42 жил улсад ажиллаад одоо гавьяаныхаа амралтыг эдлээд явж байна.

 

-Сүүлийн жилүүдэд аймгийн боловсролын салбар нэлээн уналттай болсон. Энэ талаар та саналаа хэлээд, боловсролын салбарын доройтлыг арилгахад ямар арга хэрэглэж болох талаар туршлагатай багшийн хувьд санал бодлоо хуваалцана уу?

-Тийм ээ, сүүлийн 20 шахам жил манай аймгийн боловсролын байгууллага бүх аймгийн сүүл мушгиж доголдож байгаа тал бий. Үүнд олон шалтгаан бий. Зах зээл эхэлснээс хойш хүмүүс боловсролыг дутуу үнэлдэг, үл тоомсорлодог, олон хүүхэд хөдөө боловсролгүй болж хөдөө аж ахуй дагасан, иргэд их нүүдлээр нааш цаашаа явсан, шилдэг удирдагч менежерүүд дутагдаж байгаа болов уу гэж би ойлгодог. Энэ бол миний санаа зовж байгаа зүйлийн нэг. Аймгийн сонинд би энэ тухай бичиж байсан. Радио телевизээр мөн ярьсан. Ер нь санасанд хүрэхгүй л байна. эцэг эхчүүд хүүхдээ элсэлтийн уралдаан шалгалтад бэлтгэх тал дээр дутуу анхаардаг, нэгэнт монголдоо боловсон хүчин бэлдэж байгаа учраас монгол хэлийг сургах талаар их анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд ном уншихгүй байна. Бас монгол хэлний ач холбогдлыг дутуу үнэлж байгаа тал бас байгаа байх гэж боддог, энэ нэгдүгээрт. Хоёрдугаарт төрийн албан хаагчид монгол хэл, бичиг сайн мэддэг байх ёстой. Түүнээс болж төрийн албанд тэнцэхгүй орчихоод доголддог дутагдлууд их байна. гэхдээ энийг засах боломж байна. Боловсролын байгууллага үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Төрийн байгууллагууд залуу боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх, төрийн албаны дадлага туршлагатай болгох талаар нэлээн анхаарч, бодлогын чанартай томоохон арга хэмжээ авах цаг болсон юм болов уу гэж бодож байна.

 

-Таны хувьд залуу хойч үе, залуу багш нарт ямар сургамж хэлэх вэ?

-Миний бодлоор эмч, багш хоёрыг их, дээд сургуульд элсэх үеэс нь анхаарах хэрэгтэй байгаа юм. Эмч хүн, багш хүн хоёр хүн чанартай байх хэрэгтэй. Мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Мэргэжлийнхээ төлөө шатаж явдаг байх хэргтэй. Ийм сэтгэл дутаж байна гэж боддог. Одоо залуу боловсон хүчин бол мэдлэгийн хувьд их дутагдахгүй байх. Ажлын туршлага байхгүй, ахмадаасаа суралцах юм байхгүй, ахмад үе-залуучуудын хоорондын холбоо 1990-ээд оноос хойш холдсон талтай.

Энэ уламжлалгүйгээр шинэчлэл хийнэ гэж байхгүй. Иймд уламжлалаа бодож нэлээн анхаарах, төрийн бодлогын хэмжээнд авч явах хэрэгтэй. Манай аймгийн боловсролын байгууллага тэргүүн эгнээнд явж байх хэрэгтэй байгаа юм. Аймгийн боловсролын салбар улсын хэмжээнд эхний таван байрнаас буудаггүй байсан үеийн чанар, туршлагыг судлан үзэж эргүүлэн авчрах хэрэгтэй. Үүнийг олон талаас нь анхаараад, аймгийн ИТХ, Засаг даргын түвшинд сургалтын чанарыг яаж сайжруулах вэ гэдгийг бүр тусгай асуудал болгон авч хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэхгүй бол энэ доголдлоос гарахад амаргүй байгаа юм.

 

-Та эрийн гурван наадам, үүн дотор шагайн харвааны талаар ярина уу?

-Эрийн гурван наадам Хүннүгийн үеээс үүсэлтэй. Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам гэж ярьдаг. Монгол наадмын тулгын гурван чулуу нь үндэсний бөх, хурдан морины уралдаан, нум сумын харваа. 1990-ээд оны сүүлээс эхлээд шагайн харвааг бага харваа гээд улсын наадмын хөтөлбөрт оруулсан. Шагайн харвааг бид нар хөгжүүлээд, олон хүүхэд залуусыг сургаад улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулах бэлтгэлээ мөн хийгээд явж байна.

 

-Наадмын төрлүүдээс алийг нь хамгийн ихээр сонирхдог вэ?

-Уг нь би малчны хүүхэд учраас морины уралдааныг сонирхдог. Багадаа хурдан морь унаж байсан. Морь уяж байсан. Бөхийн засуул ч мөн хийж цол дуудлаа, бөх тайлбарлалаа гэх зэргээр бөх илүү сонирхдог. Харин сүүлийн үед аймгийн Шагайн харвааны салбар холбооны тэргүүнээр ажиллаж байна.

 

-Шагайн харвааны онцлогийн талаар сонирхуулбал?

-Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой ойролцоогоор 4.72 метр зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон албан ёсны дүрэмтэйгээр зохиох болсон. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх болсон хэмээн судлаачид тайлбарладаг. Социализмын үед сум, сангийн аж ахуйн ажлыг цалгардуулахгүйн тулд шагай харвахыг хориглосон учир эрчүүд нууцаар цуглан тоглодог байв. Харин өдгөө хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ.

 

-Шагайн харвааны онцлог шинж чанараас нь сонирхуулбал?

-Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг. Шагайн харвааны үеэр уухайлдаг бөгөөд өөрийн талын аялгуулах уухайнд харваачдын цэц нэмэгддэг бол эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алддаг. Уухай нь төв халхын уухай, дөрвөд далай ханы, баяд урианхайн боржигон уухай гэж нутаг оронд өөр өөр байдаг бөгөөд наадмын үеэр голдуу Төв Халхын боржигон уухайгаар наадах болжээ. Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа юм.

 

-Шагайн харваа нь спортын нэг төрлийн хувьд шагайгаар нааддаг, хичээллэдэг хүмүүст ямар хүмүүжил, чадвар олгодог вэ?

-Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай.


-Цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа. 



Related news