БАЯН-ӨЛГИЙ: Залуусын санаачилга, оролцоо байгаль орчны салбарт чухал үүрэгтэйг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Залуучуудын оролцоо, байгаль орчны боловсролыг дэмжих зорилготой "Байгальд ээлтэй залуусын чуулган” зохион байгууллаа.
Чуулганд аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ЗДТГ-ын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира болон 15–20 насны залуус, сурагчид оролцлоо.
Чуулганы гол зорилго нь өсвөр үе, залууст байгаль орчин, өв
соёл, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ
хувь хүний хөгжил, манлайлал, цахим ур чадварыг дэмжих замаар нийгэмд
оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэнийг төлөвшүүлэхэд чиглэж байв.
Үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Е.Зангар үг хэлж,
хүүхэд, залуучуудын санаачлан зохион байгуулж буй нийгэмд ач холбогдолтой,
эерэг үр нөлөөтэй ажлыг өндрөөр үнэлж талархал дэвшүүллээ. Тэрбээр аймгийн
Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувьд энэхүү чуулган болон цаашид
хэрэгжүүлэх ижил төстэй үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн
байгаагаа илэрхийлж, аймаг орон нутагт байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил,
тогтвортой бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт,
төлөвлөгөөний талаар оролцогч залуучуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, залуусын
санаачилга, оролцоо энэ салбарт чухал үүрэгтэйг онцоллоо.
“Байгальд ээлтэй залуусын чуулган” нь залуучуудын мэдлэг,
хандлагыг эерэгээр төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санааг
түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
