А.Шаймурат: Бүргэдийг гаршуулж, ан авд сургах нь маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, санхүүгээ зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-03 11:49:34

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, нэрт бүргэдчин, аймгийн алдарт уяач Асхабылийн Шаймураттай ярилцлаа.


-Та хэдэн наснаасаа бүргэд гаршуулж ан хийж эхэлсэн бэ, өөрийнхөө амжилтуудын талаар, хэдий тооны жуулчдад бүргэдийн өв соёлыг сонихуулсан зэрэг онцгой тохиолдлуудынхаа талаар ярьж өгнө үү?

-Миний бие 30 наснаасаа эхлэн бүргэдээр ан ав хийж эхэлсэн. Улс, аймаг, орон нутагтаа болон гадаадад 25 удаа бүргэдийн баярт оролцсон. Аймгийн бүргэдчдийн наадамд гурван удаа түрүүлсэн. Зунжин дотоод, гадаадын жуулчид, аялагчдыг хүлээн авч бүргэдээр ан хийх, нүүдэлчдийн болон казах иргэдийн бусад өв соёлыг таниулан сурталчилдаг.

 

-Жуулчдад үйлчилдэг талаараа хэллээ. Хэдэн улс орны, хэчнээн тооны жуулчдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн бэ?

-2025 оны зунаас эхлэн 200 гаруй гадаадын жуулчин ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс л ирдэг.

 

-Та өөрөө гадаадын хэдэн улсад бүргэдтэйгээ аялсан бэ?

-Би энэ бүргэдийнхээ буянд хамгийн хол гэвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хот хүртэл явсан бол Улаанбаатар хотод хэд хэдэн удаа очиж бүргэдийн баярт оролцож, мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын Байгал нуурт очиж өвөг дээдсээс уламжлан үлдээсэн бүргэдээр ан хийх өв соёлоо таниулж явлаа.

 

-Бүргэдээр ан хийхээс гадна улс, нийгэмдээ албаны болон олон нийтийн ямар ажил алба эрхэлж явсан бэ?

-Би залуудаа цэргийн албаа хааж ирснээсээ хойш Асгатын далд уурхайд ажиллаж байгаад Булган сумын Жаргалант хэмээх газарт алтны уурхайд мөн ажилласан. Нийгэм олон нийтийн ажил гэвэл сүүлийн 20 жил Алтанцөгц сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр ажилласан. Дөрвөн жил мөн сумынхаа МАН-ын хорооны даргаар ажилласан.

 

-Та төрийн болон бусад ямар шагналууд хүртсэн бэ?

-Ах нь шударга хөдөлмөрлөж, хийсэн ажлынхаа үр шимийг шударгаар хүртэж явахыг илүүд үздэг хүн. Төрийн гэвэл Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын шагнал Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, намынхаа “Хүндэт тэмдэг” зэрэг шагнал хүртсэн.

 

-Бүргэдээр ан хийх үйл, шувуулахуйн өв соёлын талаар танд багшилж зааж сургасан хүн бий юу?

-Миний өвөг эцэг Рапил гэдэг хүн бүргэдчин байсан. Авга ах Майтай, Хабдол зэрэг хүмүүс бас бүргэдээр ан хийдэг байсан. Тэдэнтэй хамт хүүхэд ахуй цагаасаа бүргэдийн ан авд байнга явсаар байгаад их зүйл сурсан. Казах түмнийхээ энэ сайхан өв соёлын уламжлал болсон бүргэдээр ан хийх өв соёлыг тээж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэх зорилгыг өвөрлөн бүргэдчний нэр зүүгээд явж байна. Одоо хүүгээ бүргэдчин болгохоор мэдсэн бүхнээ зааж сургаж, хүмүүжүүлж байгаа. Бүргэдчин хүн сайн морьтой байх ёстой гэдэг утгаар морь уяж хурдлуулах эрдмийг бас суралцсан. Уясан морьдоо аймаг, сумын олон наадамд уралдуулж байгаа. Аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цол хүртсэн.

 

-Бүргэдчин болгохоор сургаж байгаа шавь нар байгаа юу?

-Хэдэн шавь бий. Сумынхаа хэд хэдэн залууг бүргэдчин болгохоор сурган хүмүүжүүлж байна. Өөрийн хүүгээ болон айл саахалтын хэдэн залууг шавиа болгож өөрийн хэмжээндээ л сурч мэдсэн, туршлагаасаа ч зааж сургадаг. Тэднийгээ аймаг, орон нутагт зохиогддог бүргэдийн баяр наадмуудад дагуулж яваад оролцуулдаг.

 

-Хүссэн хүн болгон бүргэдчин болж чаддаггүй, амаргүй өв уламжлал, соёл урлаг шүү дээ. Мөн асар их хөдөлмөр шаарддаг. Бүргэдийг дэгдээхэйгээс нь уулын орой хадан хясаанаас олж авах, асарч тэжээх, ан авд зааж сургах, хүмүүжүүлэх бүгд амаргүй байх нь мэдээж. Харин одоо орчин үед бүргэдчдийн өмнө тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлүүд болон ээлтэй, ивээлтэй сайн талыг нь ярьж өгнө үү?

-Эхлээд сайн талыг нь ярья. Тэнгэрийн шувуу бүргэдийг гаршуулж, ан авд сургах нь хүн бүрийн чаддаг ажил биш. Бүргэдчид энэ талаар авьяас билиг, туршлагаасаа гадна маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг зав, хөрөнгө санхүүгээ зарцуулдаг. Бүргэдийг тэжээх ч амаргүй, зарлага ч ихтэй.

Бүргэд мах ихээр иддэг. Ганц туулай буудаж өгөхөд 4-5 сум гаргах жишээний зарлагатай. Бас нэг ээлтэй нь энэхүү бүргэдийн өв соёлыг сонирхохоор маш олон гадаадын жуулчин манай улс, аймаг орон нутгийг зорьж байна. Багагүй хэмжээний мөнгө манай улсын төсөв, зах зээлд оруулж, олон айл, иргэдийг тэжээн тэтгэж байгаа. Хүнсний дэлгүүр, ШТС, машин түрээсээс эхлээд бидний бүргэдчин, малчин өрхүүдэд хүртэл очиж багагүй хэмжээний орлого оруулж, ажлын байр бий болгож байгаа тул жуулчдад хүндэтгэлтэй хандаж маш сайн үйлчлэх хэрэгтэй. Бүргэдийн буян хишиг их л дээ. Бүргэдийн хүчинд дэлхийд танигдаж, улсынхаа нэрийг ч гаргаж таниулан сурталчилж байна. Дэлхийн бараг бүх улсаас жуулчид ирж бүргэдчид бидний зургийг аваад үнэгүй түгээн дэлгэрүүлж сурталчилж байна.

 

-Жуулчид та бүхэнд зохих хөлсөө өгч үйлчилгээ авдаг байх. Харин бүргэдчдийн наадам, уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа төрийн бус байгууллага, холбоод болон жуулчны компаниуд болон хувь хүмүүсийн зүгээс бүргэдчдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлж байна?

-Бидний хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлдэг. Даанч бүргэдийн баярыг зохион байгуулдаг холбоод аймагт гэхэд хоёр хуваагдаж, хоёр өөр газарт хийдэг нь зохимжгүй, эв нэгдэлгүй байдаг буруу талтай. Аймгийн хэмжээнд байдаг 300 гаруйхан бүргэдчдийг хоёр хуваагаад наадам зохион байгуулдаг болсон. Энэ жаахан харамсалтай санагддаг. Эвийг эрхэмлэж хамтраад томоохон хэмжээний наадам зохион байгуулж байвал хэчнээн сайхан билээ.

Бүргэдийн шувуулахуй нь өвөг дээдсээс үлдээсэн казах түмний томоохон соёлын өв уламжлал шүү дээ.

Бүргэдчдийн холбоог 2000-аад оны эхээр анх байгуулсан хүмүүсийн нөр их хөдөлмөр зүтгэлийг ч бид үнэлдэг. Жил бүр уламжлал болгон өнгөрсөн жил гэхэд 26 дахь удаагаа бүргэдчдийн баярыг зохион байгууллаа. Эхэн үед уг баярт 14-15 бүргэдчин оролцдог байсан бол одоо сум бүрээс 100 гаруй бүргэдчин оролцдог болжээ. Аймгийн хэмжээнд 300 гаруй бүргэдчин байдаг гэсэн тоо баримт байдаг.

 

-Бүргэдчдийг ийнхүү хоёр хувааж, эвийг эвдэх асуудлыг зохицуулахын тулд таны бодлоор яах ёстой вэ?

-Бүргэдчдийн гэх тодотголтой том хоёр холбоо нэгдээд хамтран ажиллах хэрэгтэй. Эвийг эрхэмлэж, аливаа ашиг сонирхол, хувь хүмүүсийн үзэл бодлоо хойш тавих шаардлагатай.

 

-Уншигчид, бүргэд сонирхогчид, гадаад дотоодын жуулчдад хандаж хэлэх өөр ямар зүйл байна вэ?

-Ялангуяа гадаадын жуулчид асар их хэмжээний зардал мөнгө гаргаад алс холоос ирж бүргэдээр шувуулахуйн өв соёлыг үзэж сонирхож байгаа. Гэтэл манайхан аймгийнхаа төвд маш ойрхон газарт бүргэдийн томоохон наадам зохион байгуулж байхад ирж сонирхдоггүй. Ирж бүргэдчдээ дэмжээд, гар урлалаас эхлээд өөрсдийн чаддаг урлаг авьяасаа сонирхуулж, эсвэл хоолны гэр, цайны газар ажиллуулж хоол унд, хуушуур, бууз хүртэл хийж худалдаж борлуулах талаар ажиллах хэрэгтэй. Энэ талаар их дутмагаас харахад манай зарим иргэд, залуус их залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон юм уу хэмээн ахмад хүний хувьд харамсдаг.


-Цаг заваа гарган ярилцсан танд их баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье.

-Их баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд, бүргэдчин биднийг зорин олон улсаас ирдэг жуулчдадаа мөн танай агентлагаар дамжуулан эрүүл энх, саруул сайхныг ерөөе.




Related news