ХОВД: Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийн хугацааг сунгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-17 14:47:58

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 30 гаруй цэцэрлэг 900 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ хичээлийн жилд 7600 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож буй.    

 

Сүүлийн үед томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан өмнөх долоо хоногт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон юм.


Улмаар энэ сарын 16-нд Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" хуралдаж, амралтын хугацааг дахин долоо хоногоор сунгажээ. Түүнчлэн төрийн албанд ажилладаг эцэг эхэд цалинтай чөлөө олгох Онцгой комиссын тогтоол үргэлжилнэ.


Өөрөөр хэлбэл, Ховд аймагт томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн түвшинд байгаа тул цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг энэ долоо хоногт хэвээр 
үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 


Ирэх долоо хоногийн мягмар гарагт нөхцөл байдлын мэдээлэлд тулгуурлан энэ асуудлыг дахин ярилцана.  



Related news