ХОВД: Томуугаар өвчлөгсдийн 70 гаруй хувийг хүүхэд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн түвшинд байна.
Сүүлийн
долоо хоногийн мэдээллээр амбулаториор 10 мянга гаруй хүн үйлчлүүлсний 12.8 хувь
нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ.
Энэ
нь томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх долоо хоногоос 9.9 хувиар буурсан,
өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Ховд аймгийн Эрүүл
мэндийн газраас танилцууллаа.
Томуугаар
өвчлөгсдийн 72.7 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлын 68.7 хувийг
14 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Мөн
томуугийн өвчлөгсдийн 55.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлын
70.9 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл тус тус эзэлж байна.
Иймээс
бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, амин дэм илчлэг сайн хоол
хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, дулаан хувцаслах, амны хаалт зүүх зэргээр
томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.
Энэ сарын 16-ны өдрийн
09:00 цагийн байдлаар Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг (БОЭТ)-ийн хүүхдийн тасагт
78 хүүхдээс 52 нь амьсгалын замын цочмог хүнд
халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн тасагт нэмэлтээр
найман ор гаргажээ.
Хүүхдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн
93 хүүхдийн 48 нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон байна.