ДАШТ Америкийн эдийн засагт 30 тэрбум доллар авчирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-06 11:32:47

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 6. /ТАСС/. Ирэх онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр гадаадын 10 сая жуулчид АНУ-д ирнэ гэж тус улсын Төрийн Департаментын мэдээлэлд дурджээ.


“АНУ хилийн чанадаас ирэх 10 сая орчим зочдыг хүлээж байна. Энэ удаагийн ДАШТ манай улсын эдийн засагт 30 тэрбум долларыг оруулж, 200 мянган ажлын байрыг бий болгоно” гэж Төрийн Департаментын Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд бичсэн байна.


Өмнө нь тус байгууллагын тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэхдээ, гадаадын иргэд ДАШТ-ийг үзэх тасалбар худалдан авсан гэдэг нь тэдэнд Америкийн виз олгох баталгаа биш гэж байсан юм.  


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр бол, Америкийн консулын ажилтнууд ДАШТ-ийг үзэхийг хүсэж буй хүмүүстэй давуу эрхийн дарааллаар ярилцлага хийх ажээ. Виз авах боломжоо нэмэгдүүлэхийн тулд визийн мэдүүлгээ аль болох эрт өгөхийг тэрбээр зөвлөсөн байна. Түүний хэлснээр, ДАШТ-ий тасалбарын борлуулалт хамгийн өөдрөг хүлээлтээс ч  давжээ. 11 дүгээр сарын сүүлчээр хийсэн ФИФА-гийн мэдээлэлд дурдсанаар, 2 сая гаруй ширхэг тасалбар зарагдаад байна.


2026 оны хөл бөмбөгийн ДАШТ 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канадад болох бөгөөд АНУ 78 тоглолт, Мексик, Канад улсууд 13 тоглолтыг зохион байгуулна.  

Related news