ӨМНӨГОВЬ: Баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-03 15:53:29

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ-аас хотын баялаг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгон, эрүүл хүнсээр иргэдээ хангахыг зорин ажиллаж байна.    


Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэ онд 203 аж ахуйн нэгж,1621 иргэн, 8 хоршоог оролцуулж баялаг бүтээгчдэд бодит дэмжлэг үзүүлжээ.


Тодруулбал, газар тариалан эрхлэгч өнгөрсөн онд 199 байсан бол 2025 онд 203 болж нэмэгдсэн. Дөрвөн улирлын тариалалтыг эрчимжүүлж жимс, хүнсний ногоог говийн шимт хөрсөнд тариалж, хэрэглэгчдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна.


Мөн цагаан сар үзэсгэлэн худалдааг Даланзадгад хотын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж аймаг, сум дүүргийн 142 иргэн бизнес эрхлэгч оролцож, хагас тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.


Улмаар энэ онд 124 иргэн, ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг авч 85 хувиар шийдвэрлэсэн талаар Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж онцоллоо.


“Сольют партнерс” ХХК-ийн борлуулагч Л.Өнөрбаяр:

-Манайх ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар шинэ бүтээгдэхүүнээ гаргаад хоёр хонож байна. Шинэ бүтээгдэхүүн болох манго жимс, кальцийн орцтой ингэний сүүн ундаагаа худалдаанд борлуулж эхэллээ. Мөн ингэний хоормог гардаг. Хоормог маань их эрэлт хэрэгцээтэй. Манайх тогтмол зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл эко, хүүхэд багачуудад амин дэмтэй, чанар стандартад нийцсэн байдгаараа онцлогтой. Тэгээд "Өсөлттэй Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд ойр ойрхон үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг нь бизнес эрхлэгч бидэнд их дэм болдог. Учир нь бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, хүргэх, борлуулах боломжийг бүрдүүлдэг.


“Удмын туршлага” ХХК-ийн захирал Т.Буянхонгор:

-Манайх хангайн малчдаас сүү авч уламжлалт аргаар бүтээгдэхүүнээ чанар стандартад нийцүүлэн хийдэг. Ингэний болон ямаа, үхрийн сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Шар сүүний чихрээс эхлээд шимийн архи, шар тос, ааруул, өрөм гэх зэрэг бүх төрлөөр бүтээгдэхүүн гаргаж байгаа. Бид ЖДҮ-ийн зээлд хамрагдсанаараа сүүгээ тээвэрлэж авдаг байсан бол одоо аймагтаа үйлдвэрийн цехээ нэмж бариад 3 ажлын байрыг нэмэгдүүлээд ажиллаж байна. Энэ нь их үр дүнтэй ажил болсон.

Төсөл хөтөлбөрийн талаар бидэнд сургалт зохион байгуулсан нь төсөлд хамрагдахад их амар санагдсан. Мөн бараг хүүгүй шахам зээл болохоор бизнес эрхэлж байгаа иргэдэд их тус дэм болж байна. 

 

 

 


Related news