Дөрвөн АЦС барихаар Орос, Ираны талууд тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-27 10:53:49

ТЕГЕРАН, 2025 оны есдүгээр сарын 27 /DW/. Иран улсад дөрвөн атомын цахилгаан станц /АЦС/ барих тухай хэлэлцээрт Иран, Оросын талууд гарын үсэг зуржээ. Ираны эсрэг НҮБ-ын хоригийг сэргээхээс нэг өдрийн өмнө энэхүү гэрээг байгуулсан байна.


Уг хэлэлцээрийг Ираны Iran Hormoz компани, ОХУ-ын "Русатом Энержи Прожектс" компанийн хооронд байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн нь 25 тэрбум ам.доллар болж байгааг AFP агентлаг мэдээллээ.


Хэлэлцээрийн дагуу, тус бүр 1255 МВт-ын хүчин чадал бүхий гурав дахь үеийн дөрвөн эрчим хүчний блокийг барих ажээ. Эдгээр төслийг Хормозган болон Ираны өмнөд нутаг дахь Сирик боомтын ойролцоох газарт 500 га талбайд хэрэгжүүлнэ. Станц барих газруудыг сонгосон бөгөөд экологийн үнэлгээг хийж байгаа тухай Ираны Цөмийн эрчим хүчний газар мэдээлсэн байна. Харин Оросын “Росатом” корпорац энэ талаар тайлбар хийсэнгүй.  


НҮБ-ын хоригийг сэргээнэ  


Энэ сарын 19-ний өдөр хуралдсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2231 тоот тогтоолын дагуу Ираны эсрэг эдийн засгийн хоригийг цуцлахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Хоригийг цуцлах асуудлаар Өмнөд Солонгосын санал болгосон тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 улсаас 9 нь эсэргүүцсэн бол 4 улс дэмжиж, 2 улс түдгэлзжээ.


Ингэснээр Иран ба Барууны орнууд тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахгүй бол НҮБ-ын хоригийг сэргээх нь үндсэндээ тодорхой болоод байна. Тодруулбал, наймдугаар сард Их Британи, Герман, Франц гэсэн гурван улс Ираны эсрэг НҮБ-ын хоригийг 30 хоногийн хугацаанд аажмаар сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүний шалтгаан нь, Иран улс уран баяжуулахаа хязгаарлах талаар авсан үүрэг амлалтаа биелүүлэхгүй байгаатай холбоотой ажээ. Эдгээр гурван улс Ирантай хэлэлцээ хийж байгаа бөгөөд одоогоор хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй байна.

 

Related news