ХӨВСГӨЛ: Монгол Улсын баатар Л.Даваадоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-16 15:37:31

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 92 жил, Хилчдийн өдрийг тохиолдуулан БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.


Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбат эх оронч үзэл, хилчдийн баатарлаг гавьяаг хүндэтгэх, ирээдүй хойч үед эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах зорилготой гэдгийг энэ үеэр онцолж Л.Даваадоржийн түүхээс танилцууллаа.


Л.Даваадорж 1946 онд 20 насандаа цэргийн албанд мордож Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны отрядад алба хааж байгаад баруун хилийн байдал хүндрэхэд Ховд аймгийн Алтай сумын Буданчийн хөх толгойн хилийн заставт очжээ.


Энэ хугацаанд Л.Даваадорж хилчин хөнгөн пулемётын наводчик болсон байв. 1948 оны 7 дугаар сарын 6-нд Хятадын 150 гаруй цэрэг болон казахын дээрэмчид тодорхой бус шалтгаанаар Монгол Улсын хилийг сэтлэн дайрахад 9-үүлээ байсан хэдий ч Монголын хилчид эцсийн мөч хүртэл эрэлхгээр тулалдсан алтан амиа эх орныхоо төлөө зориулжээ.


1949 оны 6-р хурлын тогтоолоор Л.Даваадоржийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнаж, анх алба хаасан Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагааны отрядын Тэрэгтийн заставыг Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор түүний нэрэмжит болгосон байна.

 



 

Related news