ЗАВХАН: Судалгаагаар бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-05 15:38:43

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн судалгааг хийж даацыг тогтоож гаргасан тухай Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Хөдөө аж ахуйн цаг уурын хэсгээс мэдээлэв.


Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын талаар судалгаа хийсэн. Аймгийн сумдын баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан. Завхан аймгийн зуншлагын байдал нь нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд гантай буюу гандуу үнэлгээтэй байна.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн хэмжээнд 65 хувь нь хүрэлцээтэй буюу нөөцтэй гарлаа.


Нийт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй, 31 хувь нь хүрэлцээтэй гарсан байна. Бэлчээрийн 23 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 3 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 9 хувь нь олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал нийт бэлчээрийнх нь 23 хувь нь 1-3 дахин хэтэрсэн 14 сумын 26 баг байна. Бэлчээр нь 3-5 дахин хэтэрсэн Баянтэс сумын Жавхлан, Зайгал баг, Их-Уул сумын Цэцүүх баг, Цагаанчулуут сумын Баянхайрхан багууд байна. Бэлчээр нь олон дахин хэтэрсэн 14 сумын 19 баг байна. 


Тиймээс өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдууд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийж өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлтгэх шаардлагатай байна. Мөн малчид малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, даатгалд хамруулах, бэлчээрийг сэлгэн ашиглах шаардлага үүсэж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.

Завхан аймгийн 24 сумын бэлчээрийн даацын үзүүлэлт

 

Related news