Барилга, орон сууц, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Японы Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгч Морита Юбка, Японы зөвлөх компанийн архитектор Сүназука Тайга, мэргэжилтэн Ода, санхүүгийн мэргэжилтэн Ивасаки нарыг баасан гарагт хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Японы метроны буудлуудын дагуу худалдаа,
үйлчилгээ, олон нийтийн газруудыг байгуулсан туршлагыг Монголд нутагшуулах
замаар Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай
ярилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг харилцан тохиров.
Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Япон Улсын Хамтын
ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын шугамаар тус улсад 1000 инженер сургах
хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод, “Япон Улстай зөөлөн хамтын
ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой”-гоо илэрхийлсэн байна.
Цаашид эдгээр хамтын ажиллагаагаар дамжуулан хот байгуулалт,
барилга, орон сууцжуулалтын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр
техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр болжээ.