Улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь допинг илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 17:49:56

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан шөвгөрсөн 32, сурын харвааны 16 тамирчнаас долоодугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын допингийн эсрэг байгууллагаас өнөөдөр мэдээллээ.


Сорьцыг гэрээнд заасан хугацааны дагуу энэ сарын 13-ны өглөө Улаанбаатараас илгээж, 14-ний шөнийн 02:00 цаг цагт Германы лабораторид хүргэсэн байна. Тэгвэл энэ сарын 16-ны 15:00 цагт албан ёсны цахим хуудсаар нийт 48 тамирчнаас 43-ынх нь хариу иржээ. Харин 18-ны өдөр гурван тамирчны хариу ирсэн. 22-ны өдөр нэг тамирчны хариу ирж, нэг хүний шинжилгээ дуусаагүй байгаа аж.


Нийт 48 тамирчнаас хоёр тамирчнаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч, нэгийнх нь хариу эргэлзээтэй байгаа учраас нарийвчлан нягталж байгаа аж. Энэхүү хариуг нягтлахын тулд 21-28 хоног шаардлагатайг Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа хэллээ. Допинг илэрсэн эхний бөх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал аж.


Тэгвэл хоёр дахь бөхийг зарлах боломжгүйг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням хэллээ. Учир нь, мэдэгдэж амжаагүй бөгөөд бүртгүүлсэн утасны дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа аж. Өөрт нь мэдэгдээд хүлээн зөвшөөрвөл олон нийтэд зарлана. Харин “В” сорьцын шинжилгээг шинжлүүлэх шийдвэр гаргавал дараагийн процесст шилжих аж.


Мөн шинжилгээгээр нэг бөх эргэлзээтэй гарсан нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарди Б.Гончигдамба. Түүний шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа учраас хариу эцэслэн ирээгүй байна.

Related news