Тайланд, Камбожийн цэргүүд хилийн маргаантай бүсэд буудалцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-24 15:20:58

БАНГКОК, 2025 оны долоодугаар сарын 24 /BBC/. Тайланд, Камбожийн цэргүүд пүрэв гаргийн үүрээр хилийн маргаантай бүсэд харилцан гал нээсэн байна.


Сүүлийн долоо хоногуудад байдал хурцдаад буй кхмер сүмийн ойролцоо Камбожийн цэргүүд гал нээсэн гэж Тайландын арми мэдэгджээ. Харин Камбожийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Тайландын цэргүүд эхлээд гал нээсний дараа цэргүүд өөрсдийгөө хамгаалахын тулд хариу гал нээсэн гэжээ.


Камбожийн тал хүнд зэвсэг бүхий цэргээ байрлуулахын өмнө тус бүс рүү хяналтын дрон нисгэсэн гэж Тайландын арми мэдэгдээд, хоёр тайланд цэрэг шархадсан гэв.


Камбожийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мали Сочеатагийн хэлснээр, Камбожийн цэргүүд Тайландын түрэмгийллийн эсрэг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах эрхээ хэрэгжүүлжээ. Тайландын тал Камбожийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөнгэж тэрбээр мэдэгджээ.


Камбожийн хоёр мужийн зарим бүс рүү Тайландын цэргийнхэн гал нээсэн гэж Камбожийн удирдагч асан Хун Сен Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдээд, сандарч тэвдэхгүй байхыг хүмүүст уриалжээ. Камбож улс асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлздэг байр сууриа үргэлж хадгалсаар ирсэн боловч энэ тохиолдолд бид зэвсэгт түрэмгийллийн эсрэг хариу өгөхөөс өөр аргагүй байсан гэж Ерөнхий сайд Хун Манет Facebook хуудсандаа мэдэгджээ.


Харин Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай мэдэгдэхдээ, хилийн маргаан “эмзэг” хэвээр байгаа бөгөөд олон улсын хууль тогтоомжийн дагуу хянуур болгоомжтойгоор зохицуулах ёстой гэжээ.


Тайландын хилийн орчимд мина дэлбэрсний улмаас нэг тайланд цэрэг шархадсаны дараа тус улс Камбожид суугаа Элчин сайдаа эргүүлэн татсанаас хойш нэг өдрийн дараа дээрх мөргөлдөөн гарсан байна. Лхагва гарагт Бангкок мөн Камбожийн Элчин сайдыг нутагт нь буцаана гэдгээ мэдэгджээ.


Өнгөрсөн тавдугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Камбожийн нэг цэрэг амь үрэгдсэний дараа хоёр улсын харилцаа сүүлийн 10 гаруй жилд үзэгдээгүйгээр муудсан байна. Улмаар сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр улс харилцан бие биенийхээ эсрэг хориг хязгаарлалт тогтоож, хилийн дагуух цэргийн хүчээ бэхжүүлжээ.

 


 

Related news