Сайд нарын багцаас 535.9 тэрбум төгрөг хэмнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, төсөв тодотгох асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, “Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт энэ жил хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсвийн тухай хууль дээр тавигдсан аливаа төсөл хөтөлбөр нь тухайн жилийн тавдугаар сарын 31-ны дотор худалдан авалт бүрэн дуусаагүй буюу гэрээ хийгээгүй бол тухайн төслийг хэмнэлтэд тооцох хатуу заалттай. Энэ заалт 2022 онд хуулийг баталсан даруйд хэрэгжиж эхэлсэн ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын бэлтгэл ажил муу байснаас хоёр жил хойшлуулсан. Улмаар өнгөрсөн сарын 31-ны өдрөөр 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төслийг хэмнэлтэд тооцлоо. Эдийн засаг амаргүй байгаа учраас хэмнэлтийн тодотгол хийхээр зорьж байна. Хэмнэлтийн тодотголд 535.9 тэрбум төгрөг хуулиараа хэмнэж байгаа нь сайн ч хайран төсөв юм. 2024 онд ямар том босгыг давж, 2025 оны төсвийг баталсан билээ. Манай төсвийн ерөнхийлөн захирагч нарт энэ жил харьцангуй бага хэмжээтэй, цөөн тооны хөрөнгө оруулалтууд тавьсан. Эндээс 535.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж чадалгүй хэмнэлт хийж байгаа нь маш харамсалтай” гэв.
Сайд нарын багцаас Эрүүл
мэндийн сайд 69.9, Хот
байгуулалт, орон сууцжуулалтын сайд 36, Боловсролын сайд 33, Зам
тээврийн сайд 33, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 19.7, бусад сайд 120.7 тэрбум төгрөгийн 1030 төслийг хэмнэлтэд тооцож байгаа ажээ. Энэ бол тодотгол биш юм.