Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх шуурхай штаб байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-03 16:28:23

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаарх танилцуулгыг сонслоо.


Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын тувшнийг 5 хувьд хүргэж бууруулахаар заасан.


Одоогийн байдлаар, "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, Атар-4 аян зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлсний үp дүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таван хувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Related news