ЗАВХАН: Ойн булганы амьдрах орчныг доройтолд оруулснаар устаж болзошгүй зүйлд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн зүүн талын сумдын нутгаар ойн булга байршин амьдрах боломжтойг тандан судалжээ.
Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Улиастай сум нь хамгийн их ойн булга амьдрах тохиромжтой нутагт орсон байна.
Мөн зурган дээр тодорхойлсноор Баянтэс сумын хойд зүгт Хусын голын сав дагуу, Түдэвтэй сумын Холбоо нуурын сав дагуу нутагт, Бүст нуурын сав газарт ойн булга байршин амьдрах таатай нөхцөлтэй. Идэр сумын Жаргалантын голын нутагт, Цагаанхайрхан сумын Ширээгийн гол, Нөмрөг сумын Тахилт нуур болон Холбоо нуурын сав дагуу, Баянхайрхан сумын Тэсийн гол дагуу тархан байх боломжтой талаар тодорхой таамаглал байгаа ч уг зүйлийн ангилал зүйн судалгаа бага хийсэн байна.
Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчдын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцөлийг бүрдүүлдэг.
Голын хөндийн шинэс,
улиас, гацууран төгөл болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа
тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг юм.
Тиймээс цаашид ойн булганы амьдарч буй байршлыг тогтоох,
илүү нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийх нь чухал юм. Хууль бус агналт илүүтэй хийж буй бүс нутагт
нарийвчилсан судалгааг хийх. Тархац, нөөц, экологийн онцлогийг нарийвчлан судалж, хууль бусаар бэлтгэж
байгаа арьс үс, агналтыг таслан зогсоох. Амьтны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, мэдээллийн
сан бүрдүүлэх. Байнга байршин
амьдардаг цөм нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч,
хамгаалалтыг сайжруулж, байгалийн нөхөн төлжих нөхцөлийг бүрдүүлэх, удмын санг хадгалах нь чухал
байна.
Учир нь булга нь улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн амьтан юм.
Ойн булганы тархац, популяцийн өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт юм. Арьс өндөр үнэтэй бөгөөд монголын популяци агналтаас үүдэн буурсны баримт нь 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхгийг бэлтгэн нийлүүлж байснаа, XX зууны эхэн үеэс аажмаар багасаж, 1927-1929 он гэхэд 300-500 болтлоо буурсан байна. Харин сүүлийн үед мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг байгалийн нөөцийн ашиглалтаас үүдэлтэй болон ойн түймэр ойн булганы амьдрах орчныг доройтолд оруулснаар устаж болзошгүй зүйл болсон.
Манай улсын Засгийн
газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн. Энэ
зүйлийн тоо толгой буурсны
улмаас 1953 оноос өнөөг хүртэл агнахыг хориглосон. Тархац нутгийн 20 орчим хувь
нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг.
Ойн булга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 гр жинтэй. Эм нь 7,2-11,5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см.
