Нөхөн сонгуульд ашиглах программ хангамжийг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-19 10:29:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 19 аймгийн 68 санал авах байрын байршилд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа.

 

Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.

Шалган турших үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сумын сонгуулийн хороо, мэдээллийн технологийн 59 багийн гишүүн, 121 даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилтнууд оролцов.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 7-22 цагт болно. Ийнхүү 2 аймгийн ИТХ-ын хоёр, 17 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад зохион байгуулах нөхөн сонгуулийн бэлтгэлийг хангасан аж.

Related news