ЗАВХАН: Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-16 16:46:40

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн "Даян-Очир" хүүхдийн зуслан энэ жил амрагч хүүхдүүдэд амрангаа суралцах боломжийг олгоно.

Тус зуслан жил бүр 5-6 ээлжээр 1000 орчим хүүхдийг амраадаг.


Энэ жил амрагч хүүхдүүдэд зориулан ээлж бүрд хүүхдийн хөгжлийг дэмжсэн сонирхолтой сургалтуудыг явуулна.
Алдархаан сумын нутагт Богдын голын Таван салаа хэмээх байгалийн үзэсгэлэнт газар, хангайн нурууны ноён оргил Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны ар хормойд 23 км зайд оршдог "Даян-Очир" хүүхдийн зуслан 1961 онд анх байгуулсан цагаасаа эхлээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.


Аймгийн 24 сумаас гадна зэргэлдээ аймгийн хүүхдүүдийн амрах дуртай газар болсон.


Монгол орны дархан цаазтай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт байрлаж нэг ээлждээ 150-200 хүүхэд амрах хүчин чадалтай.

Хүүхдүүдэд амрангаа байгаль орчинтой зөв харьцах, уламжлалт монгол ахуй, зан үйлтэй танилцах, мэдлэгээ бататгах зэрэг боломжийг олгодог. Мөн хүүхдийн мэдлэг, төлөвшил, хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амруулж, тэдний хөгжилд эергээр нөлөөлөх, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих боломжийг манай зуслан жил бүр олгож байна.


Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэй хамт амарч ирээдүйд байгальд хайртай сайн иргэн болгон төлөвших боломжийг бүрдүүлж өгдөг. 

2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэг ээлждээ гадаад, дотоодын 200-250 хүн хүлээн авах боломжтой болсон гэж Даян-Очир зуслангаас мэдээлэв.


Анхан шатны тусламж үзүүлэх тухай хүүхдүүдэд таниулж байна

Related news