ЗАВХАН: Хүлэрт намгийг таниулах ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-13 17:15:24

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усыг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтойг аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Сүүлийн хоёр жилд Завхан аймаг намаг хамгаалах, түүнийг нөхөн сэргээхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах ажлыг хийж байна.


Монгол орны хүлэрт намгийн менежмент, нөхөн сэргээлтийг хангуулах төлөвлөгөө боловсруулах шаардлага зайлшгүй байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Ингэснээр байгаль орчны менежментийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэртэй юм.


Бохирдсон намгаас жилд дунджаар нэг гегатонн нүүрстөрөгч ялгардаг. Намгийг ойн хамтаар “Дэлхийн уушги” гэж нэрлэдэг. Тодруулбал, нэг га намаг бүхий газар 1800 кг хүртэлх нүүрсхүчлийн хийг шингээж 700 кг хүртэлх хүчилтөрөгч агаарт ялгаруулдаг. Энэ нь нэг га ойгоос 15 дахин их үзүүлэлт юм.


Харин одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, эрчимтэй хуурайшлаас болж гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм ширгэж, намаг хатаж байна. Түүнчлэн голын хөндийд байх бут, бургасыг малын хашаа барих болон ахуйн бусад зориулалтаар ашиглах нь ихэссэнээр намгархаг газарт маш их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.


Намгийг бүрэлдүүлдэг гурван зүйл бол ус, хүлэр болон ургамлууд юм. Намгийн зарим ач холбогдлоос дурдвал, уур амьсгалыг зөөлрүүлж, усны тэнцвэрийг хадгалах, хур тунадас болон мөнх цэвдгийн хайлбар усны илүүдлийг тогтоож, аажмаар байгалийн эргэлтэд оруулж байдаг.


Тодруулбал, гол мөрний ус, газрын гүний усыг тэжээж, хур тунадасны эх үүсвэр болно. Түүнчлэн хүлэр нь мөнх цэвдгийг хайлахаас хамгаалж, олон зүйлийн ургамал, амьтны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.


Завхан аймгийн нийт нутгийн 64.1 хувь нь цэвдэгтэй бүсэд оршдог. Монгол орны нийт цэвдгийн 11.4 хувь нь энд оршдог.


Тиймээс л намгийг хамгаалах, таниулах ажлыг тогтмол хийх нь чухал юм.

Намаг нь төрөл бүрийн бохирдуулагчдыг өөртөө шингээж, усыг цэвэршүүлдэг байгалийн шүүлтүүр юм. Ган удаан хугацаагаар үргэлжлэхэд намагт хадгалагдах чийг амьд организмын амьдралын эх үүсвэр болж, цөлжилтөөс хамгаалдаг.


Хүлэрт намаг өндөр, уулархаг газарт усны нөөц хуримтлуулах, цэвдгийн давхаргыг хамгаалах үүрэгтэй гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 


Завхан аймгийн Давсны нуурын намаг


Завхан аймгийн Хунт нуурын намаг


Related news