ЗАВХАН: Үүлэнд зориудаар нөлөөлөх нь бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. "Завхан бороо-1" экспедиц 6 дугаар сарын
9-10-ны шөнө үүлэнд нөлөөлж ихэнх нутгаар бороо оржээ.
Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумын нутгаар үүлэнд нөлөөлж, ихэнх сумын нутгаар 0.0-9 мм, хамгийн их нь Баянхайрхан сумын нутгаар 9 мм бороо оржээ.
Ургамал, Завханмандал сумын нутгаар 5 мм, Нөмрөг сумын нутгаар 4 мм бороо, аадар бороо орлоо. Ингэснээр хуурайшилтын зэрэг өндөр байгаа сумдад тодорхой хэмжээний чийг өгчээ.
Байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээ эрс багасаж, үүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагавар бий болж байгаа ийм үед үүлэнд зориудаар нөлөөлөх нь үр дүнтэй байдаг. Тухайн газар нутгийн хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр хуурайшилтын зэрэг буурч, газрын гарц сайжирна.
Манайхаас жил бүр дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлдэг. Ингэснээр хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцөлийг эрт бүрдүүлдэг.
Хур тунадасны үүлэнд нөлөөлнө гэдэг нь нүүрсхүчлийн хий, иодот мөнгөний реагентийг үүлэнд цацаж үйлчилснээр үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон хөрсөнд унах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ үйл явц амьтан, ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй болохыг Дэлхийн цаг уурын байгууллага тогтоосон байдаг гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Үүлэнд зориудаар нөлөөлснөөр говийн сумуудын хуурайшилтын зэрэг буурчээ