Г.Оргилболд дөрвөн жил дараалан пауэрлифтингийн ДАШТ-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 10:55:01

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Норвегийн Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ удаа 227.5 кг-ыг шахсанаар энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болж байна.


Тэгвэл -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр ДАШТ-ий найм дахь медалиа зүүсэн бөгөөд үүний тав нь мөнгө юм.


Түүнчлэн өсвөрийн ангилллын 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт,  мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртсэн байна. 





Related news