Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 6 хувийн хүүтэй зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд 6 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний
чанар, стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох,
Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын
болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал
жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох
урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Аж ахуйн нэгж, байгууллагуудад нийт 2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгох юм. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулчдын тоо одоогийнхоос 623 мянгаар нэмэгдэж, хоёр сая жуулчин хүлээн авах, 8000 гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого орж ирнэ гэж тооцжээ.