ДУНДГОВЬ: Элчин сайд Шэнь Миньжуань Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-19 10:20:56
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийв.


Уулзалтын үеэр талууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль орчин, нар салхины сэргээгдэх эрчим хүч, цөлжилт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.


Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуучуудыг хамруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хятад хэл, соёлыг сурталчлах Күнзийн тэнхимийг Дундговь аймагт байгуулах, Баяннуур хоттой найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ойжуулах, цөлжилтийг сааруулах төсөл хэрэгжүүлэх, орон сууцжуулах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний салбартай хамтрах, Мандалговь хотыг ногоон байгууламж бүхий байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.


Түүнчлэн хөдөө аж ахуй, ноос ноолуур, махны чиглэлээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг дэмжих, малчид, төрийн албан хаагчдад чиглэсэн богино хугацааны чадавхжуулах хөтөлбөрт хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.



Related news