Анагаах ухаанд хувьсгал хийх квант технологиудыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-12 17:27:55

МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 12 /kommersant/. Технологийн салбарт тэргүүлэгч IBM, Google компаниуд анагаах ухаанд хувьсгал хийж, хөгшрөлтийн явцыг удаашруулж чадах квант технологийг Калифорнид болсон бага хурлын үеэр танилцуулжээ. 


Тодруулбал, тус хоёр компани биологийн үйл явцыг молекулын түвшинд загварчилдаг шинэ квант систем, алгоритмуудыг танилцуулсан байна. Эдгээр нь шинэ эм гарган авах технологийн хөгжлийг хурдасгаж, эдгэшгүй өвчнийг анагааж, эрүүл амьдралыг уртасгахад чухал алхам болох юм.


IBM компани эм зүйн судалгаанд ашиглах боломжтой 433 кубит бүхий квант системийг, Google компани эсийн хөгшрөлтийн үйл явцыг шинжлэх алгоритмыг танилцуулжээ. Кубитийн зэрэгцээ төлөвийг ашигласнаар квант компьютерүүд нь ДНХ, уургууд, мөн химийн урвалуудыг атомын түвшинд загварчилж, биологийн маш нарийн төвөгтэй өгөгдлүүдийг боловсруулдаг байна.


Хэдийгээр хөгжүүлэгчид “үхлийг ялж чадсан” гэж мэдэгдээгүй боловч квант технологийн тусламжтайгаар насыг уртасгах боломжтой гэдэгт итгэлтэй байна. Квант тооцооллыг ашиглан тухайн хүнд тохирсон эмчилгээг сонгох шинэ үе шат руу ирэх 10–20 жилийн хугацаанд шилжинэ гэж эрдэмтэд үзэж байна. 



Related news