“Заавал эдлэх хайр” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-01 11:22:51

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дэргэдэх “Эрүүл мэндийн түүчээ” ТББ, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар  байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг  “Заавал эдлэх хайр аян”-ыг зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн бүхий л давхаргад далд хэлбэрээр давтагдсаар байна. Ховд аймгийн хэмжээнд энэ оны 9 сарын байдлаар 25 эмэгтэй, 1 эрэгтэй, 3 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөөр эмнэлэгт хандсан дүн мэдээ бий.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг бууруулах, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг эерэгшүүлэх зорилготой  энэ  оны 10-р сарын 25-наас 11-р сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулагдаж залуучууд олон ажил  санаачлан өрнүүлж байна.

Тухайлбал “Заавал эдлэх хайр” асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг, ЕБС-ын сурагчдын дунд “Заавал эдлэх хайр” богино хэмжээний киноны уралдаан, Хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн эрсдлийг бууруулах чиглэлийн сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулагдах юм.

А.Бямбасүрэн

 

Related news