ДУНДГОВЬ: “Тэгш эрх-Тэгш оролцоо” уриан дор хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-17 07:42:39
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 300 гаруй хүүхэд “Тэгш эрх-Тэгш оролцоо” уриан дор 2 өдөр чууллаа. Энэ нь тус аймгийн хүүхдийн 14 дүгээр чуулган юм.


Чуулганаар тус аймгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэр гаргагч, бодлого хэрэгжүүлэгчдэд хүргэх, аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн ба энэ үеэр 15 сумын хүүхдийн элч нарын андгай өргөх ёслол, хувь хүний хөгжлийн болон нөлөөллийн мэдлэг олгох сургалт, нээлттэй микрофон зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Чуулганы оролцогч хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал, соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаан дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн  салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үеийн хүүхдийн эрх, хамгаалал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж асуудлаа тодорхойлон гаргасан байна.


Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн С.Мөнхчулуун чуулганы үйл ажиллагаанд оролцож, хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсон, санал солилцож, чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлжээ.


Тус чуулганаар Дундговь аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнийг сонгох сонгууль явуулж, тэргүүнээр Эрдмийн далай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Мишээл, дэд тэргүүнээр Цэгц билэг сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Мандахболд нар сонгогдон ажиллахаар боллоо.





















Related news