Ж.Энх-Амгалан: МАА, мал эмнэлэг, газар тариалан бол шинжлэх ухааны байгууллага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-01 09:47:37

Хэнтий аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Ж.Энх-Амгалантай салбарынх нь ажил байдлын талаар тодруулж ярилцлаа.

- Сайн байна уу? Та ажил байдлын хувьд яг ямар байгууллага хүлээж авав? Цаашид ямар ажлуудыг санаачлан хийх төлөвлөгөөтэй байна?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Аймгийн ХХААГ-ын даргын ажлыг өнгөрөгч 9 дүгээр сарын 9-нд хүлээж авсан. Ажлаа хүлээж авах үед жил бүр зохион байгуулагддаг “Хэнтий намрын баяр-2016” арга хэмжээ болж байсан бөгөөд шагнал урамшуулал гардуулж, ажлынхаа анхны өдрийг эхэлсэн. Ажлаа хүлээж аваад байгууллагынхаа дотоод байдал болон бүх сумдаараа явж ажил байдалтай танилцлаа. Сумдаараа явж байхад хаа ч ялгаагүй сайнтай, муутай л байна. Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан бол мэргэжлийн болоод шинжлэх ухааны байгууллага. Хэдийгээр энэ салбарууд хүмүүст нийтлэг юм шиг харагддаг боловч шинжлэх ухаан, тодорхой хэмжээний техник, технологи  шаарддаг салбар юм. Үүнд манай мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн салбарынхан мэргэжлийн боловсон хүчний хувьд төдийлөн хангалттай биш байна. Энэ мэргэжлийн байгууллагад мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа нөхцөл байдал нэлээд ажиглагдсан. Мөн сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудын үйл ажиллагаа жигд бус байгаа харагдлаа. Үүнийг жигдрүүлэхийн тулд хоёроос дээш мал эмнэлэгтэй сумдад мал эмнэлгийн нэгдсэн лаборатори байгуулах, мал эмнэлгийн нэгдсэн үйлчилгээний нэг цэгийг бий болгож ажиллуулах, мэргэжлийн бус мэргэжилтэн ажиллаж байгаа сумдыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллах бодлого чиглэлийг барьж ажиллана. Ер нь ажил хийнэ гэдэг бол хувь хүн (мэргэжилтэн) бодлогын чиглэл хандлага, бодит үнэн дээр ойрхон байх, хичээл зүтгэлтэй байх асуудал чухал юм. Үүнийг би мөрдлөг болгож ажиллана.

-Хэнтий аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базаав? Одоогийн байдлаар  өвөлжилт хүндэрсэн сум байна уу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажил нэлээд сайн хангагдсан. Аймгийн хэмжээнд 112597 тн өвс , 207.5 тн ногоон тэжээл, гар тэжээл 76 тн, аймгийн Засаг даргын нөөцөд 143 тн, сумдын Засаг даргын нөөцөд 977 тн хадлан тус тус бэлтгээд байна. Хадлан тэжээл бэлтгэх ажилд 4194 хүн, 1585 техник хэрэгсэл гарч ажилласан. “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээ”-ний тухай Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар тоот тогтоол, ХХААХҮСайдын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот “Албан даалгавар”-ыг гаргуулан 18 суманд хүргүүлж ажилласан. Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу аймгийн нөөцөд 471 тн өвс бэлтгэхээс 300 тн буюу 63,7 хувьтай, 236 тн тэжээл бэлтгэхээс 8,7 тн буюу 3,7 хувьтай, сумдын нөөцөд 1800 тн өвс бэлтгэхээс 1318 тн буюу 73,2 хувьтай, 540 тн тэжээл бэлтгэхээс 106,3 тн буюу 19,7 хувьтай бэлтгэсэн байна. Мөн малчид өөрсдийн хүч хөрөнгөөр 130,8 мянган тн хадлан бэлтгэхээс 124,6 тн-ыг бэлтгэсэн нь 95,5 хувьтай байна. Сумдын тэжээл бэлтгэх төлөвлөгөө нэлээд өндөр тавигдсан ч сумдууд үүн дээр анхаарал муутай ажилласан хандлага ажиглагдлаа. Өвөлжилт хүндэрсэн сум одоохондоо байхгүй байна. Эхний цас урд талын Галшар, Дархан, Баянмөнх сумдаар ахиу орсон. Харин сая орсон цас дээрх гурван сумаас бусад сумдад орлоо.

- Отрын бүс нутгийн хувьд өвөлжилт, бэлчээрийн даац ямархуу байгаа вэ?

-Миний бие энэ ажилд томилогдсоноосоо хойш отрын бүс нутгаар хоёр ч удаа яваад ирсэн. Ажил авсны дараахан манай ХХААЯамны сайд ирж, отрын бүс нутагтай танилцахад тус бүс нутагт хэрэгждэг журмын хэрэгжилт тааруу, хавар 4-р сарын 1-нд гардаг, өвөл 11-р сарын 1-нд орж ирдэг журам алдагдсан, бусад аймаг, сум, дүүргээс өвөлжихөөр ирж буй мал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй байдалтай байна. Мөн Хэрлэнбаян улаан нийтдээ 114 мянган толгой мал өвөлжих бэлчээрийн даацтайгаас өнөөдөр 400 гаруй мянган мал байрших жишээтэй, өөрийнх нь бүс нутгийн мал 288 мянга болчихоод байна. Ийм бэлчээрийн даац хэтрэлттэй байгаа учир Аймгийн Засаг дарга тус бүс нутгийг отрын бүс нутгаас чөлөөлөх бодлогыг барьж байна.

- Аймгийн хэмжээнд энэ хавар хэдэн компани хичнээн га-д тариалалт хийв? Намрын тариа хураалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Энэ жил манай тариалангийн бүс нутагт зуншлаг оройтсоноос газар тариалангийн бүс нутгийн тариа ургалт, болц оройтсон. Дадал, Норовлин, Батноров зэрэг сумд ургацаа алдсан байдалтай байна. Хэнтий аймаг газар тариалангийн 90,2 мянган га эргэлтийн талбайтай, үүнээс 67,2 мянган га талбайг ашиглан энэ онд 42 аж ахуйн нэгж иргэд нийт 32,9 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 24,7 мян/га, малын тэжээл 605 га, тосны ургамал 7,3 мян/га-д, төмс, хүнсний ногоо 700 гаруй га-д тус тус тариалсан байна. Үүнээс 14.2 мянган га талбайн ургацыг бүрэн алдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 16.7 мянган га талбайгаас 10.2 мян.тн ургац хурааж аваад байна. Үүнээс улаан буудай 14265 га-с 9262.4 тн-ийг, овъёос 206 га-с 87 тн-ийг, арвай 230 га-с 50 тн-ийг, малын тэжээл 950 га-с 585 тн-ийг, тосны ургамал 1135 га-с 280 тн-ийг тус тус хураан авсан бол төмс 348.1 га-с 3818.7 тн-ийг, хүнсний ногоо 362.2 га-с 2477.3 тн-ийг хураан авсан дүн мэдээтэй байна. Ер нь энэ намрын цаг агаараас шалтгаалаад буудайны болц оройтсон.Тариалан эрхлэлтийг дэмжих сан 13-15%-ийн чийглэгтэй будааг авдаг бол манай тариа чийглэг өндөртэй буюу 17-18 хувийн чийгтэй байна. Одоогоор компаниуд тариагаа өөрийн байрандаа хураачихсан байгаа. Тариаг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хадгалаад хавар авахуулах ажлыг хөөцөлдөж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Яаманд албан тоот бичиг явуулаад ажиллаж байна.

- Хөдөө аж ахуй бол Хэнтий аймгийн гол багана болсон салбар шүү дээ. Тэгэхээр энэ салбарыг нэлээд туршлагатай, мэргэжлийн хүнээр удирдуулж байгаа гэж ойлгож байна. Ажлын туршлагаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

-Би 1990 онд ХААДСургуулийг малын их эмч мэргэжлээр төгссөн. Дээд сургуулиа төгсөөд Биндэр суманд ирж Монхоодой гэж сайхан эмчээс ажлаа авч, мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн дээ. Тус суманд хоёр жил ажиллаж байгаад Улаанбаатар хотын Багануур дүүрэгт шилжиж, Мал эмнэлэг үржлийн албанд мэргэжилтэн, даргаар тус тус ажиллаж байгаад 2008 онд Цэнхэрмандал сумын Засаг даргаар ажилласан.  Аймгийн ИХТ-д Цэнхэрмандал сумаасаа 3 удаа сонгогдон ажиллаж байна. Миний хувьд энэ 9 сараас эзэмшсэн мэргэжлийн дагуу шинэ ажилд томилогдсондоо сэтгэгдэл өндөр байна.

- Ажлаа хүлээж авснаасаа хойш ямар ямар арга хэмжээ, үйл ажиллагааг удирдаж, оролцож, чиглүүлж ажиллав?

-“Хэнтий намрын баяр-2016” арга хэмжээний үеэр ажлаа хүлээж авч оролцсон, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр боловсруулахад хөдөө аж ахуйн салбараас оруулах заалтууд дээр нэлээд ажиллалаа. Аймгийнхаа бүх сумдаар явж мал эмнэлгүүдийнхээ ажил байдалтай нь танилцаж, МЭҮТасгуудтайгаа болон бүх сумдын Тамгын газар, Засаг дарга нартай ХАА-н чиглэлээр шат шатандаа яаж хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн НААҮГ-ын 85 жил, Хэнтий аймаг дахь салбарын 80 жилийн ойг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан. Хүний эрүүл мэнд, нийгмийн эрүүл ахуйтай зайлшгүй холбоотой учраас аймагт байгаа бүх мал нядалгааны газар болон, сургууль, цэцэрлэгийн цайны газруудад хяналт тавих болон мэргэжлийн чиг баримжаа олгох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн Цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах талаар хамтарсан уулзалт зохион байгуулсан.

- Удахгүй ХАА-н салбарын ажилтны өдөр болох гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Улс орон даяар 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногт ХАА-н салбарын ажилтны өдөр тохиодог. Бид бүхэн ХАА-н салбарын ажилтны өдрөө ирэх сарын 4-нд зохион байгуулна. Энэ баярынхаа хүрээнд орон нутагт байгаа бүх салбарын мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, “Мэргэжлээ сонсоё” зөвлөлгөөн, спортын уралдаан тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэнтий аймгийн Хөдөө Аж Ахуйн салбарт ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ Хөдөө аж ахуйн салбарын ажилчдын өдрийн баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа. Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Ер нь би хүн хүнээрээ байж, хийсэн ажилтай, аливаад шударга үнэнч байхыг л эрхэмлэж явдаг хүн. Нийт Хэнтийчүүддээ хандаж хүйтний ам наашилсан хөхүүрийн ам цаашилсан цаг ирлээ, та бүхэн минь өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж өнтэй сайхан өвөлжөөрэй гэж хэлье.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news