Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хаанаараа монголчууд бахархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-31 11:30:40

Дэлхийн талыг эзэлсэн Их эзэн Чингис хаанаараа монголчууд өнөөдөр бахархаж байна. Эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой тохиож буй юм.  

Монгол Улсын Ерөнхийлегч Ц.Элбэгдорж 2012 оны нэгдүгээр сарын 9-нд  Их Эзэн Чингис хаан мэндэлсэн буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргасан билээ. 

Ийнхүү монгол туургатан 5 жилийн өмнөөс Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрийг бахархан тэмдэглэж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлээ бататгадаг уламжлал тогтсон юм.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн  нэгний өдөр хэмээн тогтоосон. Евразийн тал нутаг дахь улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэснээр Чингис хааны эрин эхэлж Монголын эзэнт гүрнийг байгуулан хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн 21 зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгосон түүхэн хүн хэмээн судлаачид дүгнэсэн байдаг. Улмаар 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн АНУ-ын “Вашингтон Пост” сонин зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргаж байсан.  

Эл өдөр Монголын төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд  тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт морин цагт хүртээнэ.

Түүнчлэн “Их Эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан  14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Б.Заяа

Related news