СЭЛЭНГЭ: Урьдчилан сэргийлэх ажилд 140 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-09 11:37:25

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд ой, хээрийн түймрийн эрсдэл Хүдэр, Ерөө сумын Бугант тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумын нутгаар эрсдэл их буюу аюултай түвшинд байна. 

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ойн сан бүхий Алтанбулаг, Баянгол, Баруунбүрэн, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг сумын нутаг дэвсгэрт гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг орон нутгийн төр, төсвийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

 

Жил бүр зохион байгуулдаг тус ажлын хүрээнд ой, хээрийн түймрийн гаралт 2024 онд 39 хувиар буурчээ.

 

Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2021-2024 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээний хүрээнд он гарсаар эхний хагас жилийн байдлаар гамшиг, ослын дуудлага 20 хувиар буурсан байна.

 

Энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд 140 сая төгрөг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Related news