СЭЛЭНГЭ: Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-08 14:53:53

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Тэрбээр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 674 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын газрын алба хаагчид 530 хүний амь, төрийн болон хувийн хэвшил, иргэдийн 13.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хүрээнд “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран 34 алба хаагчийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна.

 

Мөн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд 2021-2024 онд дотоод нөөц бололцоо, хамтран ажилладаг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгт тулгуурлан нийт 361 нэр төрлийн бүтээн байгуулалтыг хийжээ.

 

Түүнчлэн “Аврагч мазаалай” сургалтын танхим, өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг иргэдэд түгээх зорилгоор “Аюулгүй өрх” сургалт арга зүйн танхим, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах “Галын аюулгүй байдал” сургалтын танхимыг тус тус байгуулан, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж байна.

 

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үе шаттай ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордонтой хамтран Онцгой байдлын газрын 6 алба хаагчийн гэрлэх ёслолыг зохион байгуулсан байна.

 

Хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэлтэй танилцсаны дараа ой, хээрийн түймэр, үер усны эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь байгаль орчин, иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж байгааг онцлоод, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид сайжруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

 

Мөн тэрбээр Сэлэнгэ, Мандал сумын Онцгой байдлын газар, анги салбаруудад ажиллах үеэрээ байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд хийж байгаа ажилтай танилцаж, цаашид анхаарч ажиллах санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Related news