СЭЛЭНГЭ: Бүсийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдлыг бууруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27
/МОНЦАМЭ/. Төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан
хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Дархан-Уул аймагт болж байна.
Энэхүү хуралд Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бат-Орхон, аймаг,
сумдын салбар зөвлөлийн дарга нар, хууль, эрх зүй, урьдчилан сэргийлэх ажил,
залуучууд, олон нийтийн оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Оролцогчид аймаг орон нутгийнхаа
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын туршлага, хэрэгжүүлж буй бодлого,
чиглэлээ хуваалцаж байгаа юм.
Хуралдаанаар зөвлөлийн 60 жилийн
түүхэн замнал, үйл ажиллагааны үр дүн, бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх шинэ арга
хэлбэр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжуудыг хэлэлцэж, цаашдын зорилтоо
тодорхойлох юм.
Мөн хуралдааны энэ үеэр төвийн
бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлийн дарга нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор
санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичиг нь бүсийн хэмжээнд
гэмт хэргийн нөхцөл байдлыг бууруулах, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл солилцоо болон туршлага түгээх ажлыг
уялдуулан зохион байгуулахад чиглэх юм.
Хамтын ажиллагааны энэхүү алхам нь
бүсийн хэмжээнд гэмт хэрэг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг сайжруулахад
чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа юм.
Ulaanbaatar